Судалгаат хичээл гэж юу вэ?
“Хичээлийн судалгаа” нь Японд 100-аад жилийн өмнөөс явагдаж эхлэн, 1990 онд Америкийн бага ангийн математикийн хичээлд ч энэхүү арга барил шинээр нэвтэрсэн байна. Хичээлийн судалгаа гэдэг нь багш нарын багшлах ур чадвар, арга зүйгээ системтэйгээр хөгжүүлэхэд чиглэсэн мэргэжлийн үйл ажиллагаа юм (Makoto Yoshida). Хичээлийн судалгааны онцлог нь нэг ижил хичээлийн агуулгаар олон удаа давтаж хийснээр тэр болгонд заах аргаа улам сайжруулах боломж бүрддэгт оршино. Энэ нь багш нар хамтран хичээлийн төлөвлөлтөө хийхээс эхлэх ба багшийн ажлын туршлага, суралцагчдаа судалсан байдал, стандарт, хөтөлбөр, сурах бичиг болон бусад материалд тулгуурлан, “Сайн хичээл” болгох талаар хамтын үзэл бодлоо хуваалцана.
Хичээлийн бэлтгэл судалгаа гэж юу вэ?
Хичээлийн бэлтгэл - хөтөлбөрийн судалгаа бол зорилгодоо хүрэхийн тулд хийдэг үйл ажиллагаа юм. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд ямар үйл хийвэл зохих вэ? гэдгийг багш нар үргэлж бодож, хичээлийн бэлтгэлээ хийхдээ тооцож үздэг байх нь чухал. Ямар хэрэглэгдэхүүн ашиглах, ямар асуултууд асуувал түүндээ хүрэх вэ? Суралцагчид хичээл дээр тухайн ухагдахууныг таниулахын тулд мэдээлэл харилцааны технологийг яаж ашиглах вэ? гэх мэт хичээлийн зорилгод хүрэх, зорилгоо биелүүлэхийн тулд хийдэг багш нарт тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх дидактик шийдэлд хүрэх заах арга зүй шийдлүүд нь хичээлийн бэлтгэл судалгааны салшгүй элемент болдог.
Судалгаат хичээлийг нэгдлээрээ, мэргэжлийн бүлгээрээ манай сургууль тогтмол зохион байгуулдаг бөгөөд хичээлийн хэлэлцүүлэгт нийт багш нар маш сайн оролцож, арга зүй, ур чадвараа тогтмол шинэчилж байдаг.
Манай сургуулийн багш нар мэргэжлийн хөгжлийн бүлэг, нэгдлээрээ хамтран сайн хичээл, ур чадварын уралдаануудад тогтмол оролцдог бөгөөд заах арга, ур чадвар дээрээ анализ хийж, цаг үе, орчинтойгоо хөл нийлүүлж, боловсролын үр өгөөжийг өндөр түвшинд байлгахын тулд багаар ажиллаж, хөгжиж, урагшилж байдаг билээ. “ Сайн багшийн гар дээрээс ирээдүйн наран манддаг”, “ Монголын хөгжил нь боловсролын хөгжил”-өөс шалтгаална гэж багш бид алсын хараагаа болгон цаг наргүй их ажилдаа маш их сонирхолтойгоор ажилладаг. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, суралцахуйн удирдамжийн биелэлт, гүйцэтгэлийн үнэлгээний шалгуур, даалгаврын боловсруулалт зэрэг дээрээ багаараа, нэгдлээрээ, мэргэжлийн бүлгээрээ ажиллах нь илүү үр дүнтэйг өдөр тутмын багшлах үйлдээ мэдэрч, удирдлага болгон ажилладаг аа.
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ, УДИРДАХ АЖИЛТНЫ 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын дунд жил бүр уламжлал болгон явуулдаг “Оны шилдэг илтгэл” шалгаруулдаг үндэсний хурлыг 1967 оноос тухайн үеийн Сурган Хүмүүжүүлэх Ухааны хүрээлэн “Сурган хүмүүжүүлэх уншлага” нэртэйгээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2009 оноос Боловсролын хүрээлэн “Боловсрол судлалын оны шилдэг илтгэл” шалгаруулах эрдэм шинжилгээний хурал хэлбэрээр зохион байгуулж иржээ.
Боловсролын хүрээлэнгээс 56 дахь удаагийн ЭШХ-ыг 2023-2024 оны хичээлийн жилд "Хамтын оролцоонд суурилсан сургалтын байгууллагын менежментийг хөгжүүлэх нь " сэдэвтэйгээр зарлагдсан бөгөөд манай сургууль 1-р үе шатанд нийт багш нарын ирц бүрэн, идэвхтэйгээр хамрагдаж бүсд уншигдах илтгэлээ шалгаруулсан. Сургуулиас шалгарсан Т. Хулан, Д. Март, Х. Агиймаа багш нарын илтгэл бүсээс шалгарч Хэнтий аймгийн хэмжээнд 4-р байрыг эзэлсэн амжилтыг тус тус үзүүллээ.
Багш хүний эрхэм үүрэг болсон судлаач байдаг, үргэлж хөгждөг, оюунлаг багш нартаа цаашдынх нь сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаануудад илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөе!