3аб ангийг А. Хандсүрэн, Д. Цогзол багштай, 8а ангийг Г. Цэвэлмаа багштай, 10а ангийг С. Сайнхүү багштайгаар тус тус төгссөн, Монгол бичгийн анхны анги 37-р төгсөлтийнхөн Биндэрийн сургуулийнхаа түүхэн их ойн бүтээн байгуулалтад манлайлан оролцсон олон олон төгсөлтүүдийн нэг нь яах аргагүй мөн билээ.
Сургуулийнхаа түүхт их ойгоор хийсэн бүтээсэн зүйлтэйгээр анги хамт олноороо баяр хөөртэй уулзаж, дараагийн 10 жилдээ дурсан ярих сайхан дурсамжтай, ирээдүй болсон дүү нартаа чин сэтгэлийн бүтээн байгуулалтаар бэлэг барихаар тэд санааг нэгтгэж, ойн хүрээнд хийгдэх ажлуудаас сургуулийнхаа үүдний хэсэг буюу хүлээх авах орчныг тохижуулах их ажлынхаа ард гарсныг та нартайгаа хуваалцахад баяртай байна.
37-р төгсөлтийн анги хамт олны хандив, дэмжлэгээр нийт 20 201 000 ( хорин сая хоёр зуун нэг мянга ) төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэхүү бүтээн байгуулалтад оруулсан байна. 240 м.квад талбайн хана, таазны суурь засал болох замаск, эмульс, гэрэл, гэрэлтүүлэг, мэдээллийн самбар, цомын тавиур, угтах хэсэг бүхэлдээ, сандалнууд, арк өнгөлгөө, гоёлын хавтангууд, ханын зураг, мөн бусад нэмэлт зүйлүүдийг тэд гүйцэтгэж, сургуулийнхаа дотоод орчинд өнгө нэмлээ.
Цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хөдөлмөр зүтгэл, чин сэтгэл гээд бүгд шингэсэн “ҮҮДНИЙ ТОХИЖИЛТ”-ын бүтээн байгуулалтаар Биндэрийн сургуульдаа бэлэг барьсан танай төгсөлтийн эвсэг, оюунлаг, хөдөлмөрч, өгөөмөр хамт олонд ирээдүйн эзэд болсон шавь нарынхаа өмнөөс, нийт хамт олныхоо зүгээс, хүүхэд шуугьсан их өргөөнөөс энэ хорвоогийн гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Амласан амлалтандаа хүрч чаддаг, ажлын ард гарч чаддаг, сайн сайхан үйлсийн төлөө нэгдэж чаддаг, биесээ дэмжиж чаддаг гайхалтай хамт олонд нь ажил хөдөлмөрийн арвин амжилт, амьдрал жаргалын дээд оргил, хүний орчлонгийн хамгийн нандин бүхнийг дахин дахин хүсье ээ!
Баярлалаа
Биндэр ЕБС